Saturday, July 17, 2010

Хүнийх



Хүнийх

Насаараа чи надад үнэнч байж чадахгүйгээс хойш
Надад хайртай гэж нүд рүү минь хараад битгий хэлээрэй
Найдлага үлдээн сэтгэлд минь салхи битгий хургуулаарай
Нартад намайг ганцаардуулж жиндээн битгий хоцроогоорой

Хорвоог чи надтай туулахгүйгээс хойш
Хоосорсон сэтгэлийг хөглөж битгий орхиорой
Хөрсөн сэтгэлийн гүнд байх
Хөгзөрсөн зүрхийг битгий хөндөөрэй

Энэ л шөнө дэргэд минь байхдаа
Эргэж харалгүй энгэрт минь эрхлээрэй
Эхлэл төгсгөлгүй өдрүүд эхлэхэд
Эргэж харах эрхгүйгээр өөрийн амьдралдаа чи минь буцна

Маргааш би чамтай уулзахгүй гэж
Маргаангүй худал үгийг өөртөө битгий шивнээрэй
Магад чи намайг маргааш санан галзуурч
Мартаж чадахааргүй үдшийг дахиад бид үднэ.

Халуун гар дулаахан энгэрт минь эрхэлхээр
Харанхуй шөнөөр намайг зорин ирнэ
Харин би чамдаа үгүй гэж хэлж чадахгүй болохоор
Хүний хүүхэн чам руу тэмүүлэх сэтгэлээ хорихгүй ээ.

Уучлал гуйхгүй ээ өнгөрсөн, одоо, ирээдүйгээс
Уурлан бухимдахгүй ээ чи минь хүнийх гэдэгт
Ухаарч гэмшихгүй ээ чамайг тэврэн хэвтэхдээ
NUMEM_E2n2E / 2010.06 сард