Wednesday, January 5, 2011

Хэзээ ч



Хэзээ ч гэж битгий амлаарай бүсгүй минь
Хэтэрхий бардам чиний сэтгэл
Хэт халсан галт бөмбөлөг шиг
Хэзээ нэгэн цагт тэсэрч мэднэ

Хэлтгий заяагаа засаж болдоггүй ертөнцийн жамаар
Хэвийн бүхэн хэтэрхий уйтай болж
Хэн ч мэдэхгүй хэний ч хүсээгүй тэр зүгт
Хэзээ ч гэж тангарагласан бүхнээ зөрчин чи зорино

Бурхан бугийн аль нь ч бай шүтэн эс шүтсэн
Буурал хорвоогийн уйтгарт өдрүүдэд дарагдан
Буцах боломжгүй цагийн аясанд туугдан
Буух газраа олохгүй хамхуул адил хийсэн одно.

Бууж өгөхөө мэдэлгүй болохгүй бүхнийг сөрөн тэмцсэн ч
Буруу гэдгийг нь мэдсээр байж зөв болгох гэж хүссэн ч
Буудаллаад үдэх цаг зуурын амлалтад хууртаж
Бурхан өмнө чинь сөхрөөд зөв гэж ятгасан ч
Хэзээ ч гэж хэн нэгэнв битгий амлаарай...
2011.01.05 / NUMEM_E2n2E

Friday, December 3, 2010

For Habibti



Зүрх сэтгэлийг минь эрхгүй догдлуулсан

Зүйрлэшгүй тансаг бүсгүй чамд...



Санаандгүй учирсан сахиусан тэнгэр чамайг харах бүрдээ би баярлаж

Санамсаргүй биед чинь шүргэх бүрдээ би догдолдог

Салхинд илбүүлэн үнэртэх анхилам үнэрт чинь би согтдлог



Хонгор минь чамайг би сайн мэдэхгүй ч

Хоног хоногийн уртад улам улам чамд татагдаж

Хорвоогийн бүхий л өдрийг чамтай хамт туулахыг хүснэ



Энгэрт минь шингэсэн чиний үнэрийг хадгалахын тулд

Эгнэгт дэргэдээ байлгаж энгэртээ үүрд тэврэхсэн

Энхрий дотно харцыг чинь ширтэхийн тулд

Энэ орчлонг зөвхөн чамтайгаа хамт туулахсан




Хайр хэзээ ч хариу нэхдэггүй гэсэн

Уучлаарай би итгэдэггүй

Хамаг бүхнээ чамдаа зориулбал

Ухаант энхрий минь чи надад юу зориулах вэ?

Харц булаасан дурлалт хонгор минь

Ухаж ойлгох болов уу? Чи миний сэтгэлийг

Халамж хайраа наддаа харамгүй зориулж

Урагшлах амьдралд түшиг болон үлдэх үү?



Зөөлөн уруулын чинь балыг амсаж

Зөвхөн чиний энгэрт насаараа нялхармаар

Зөрүүд зан бардам сэтгэлээ ганцхан удаа хойш нь тавиад

Зөнгөө даган гараа надад өгөөч...

NUMEM_E2n2E : 2010.11.24
For habibti...

Friday, October 22, 2010

Ганцхан чамд



Ганцхан чамд

Ганцхан чамд зориулж хэдэн шат шүлэг бичие
Ганцаардал дундаасаа өндийн чимээгүй нэг чагна
Ганганан гунганасааар нутагтаа ирэх шувуудтай хамт
Гансарсан чиний сэтгэлд гэрэл тусган хайр ирнэ

Бүсгүй минь чи битгий гунигла
Бүлээн нулимсаа дэрэн дээрээ бүү дуслуул
Бүдгэрч буй дурсамжаа мартаж орхиод
Бүрэнхий орчлонгоос гэрэл гэгээг олоорой

Сэтгэлд чинь гэгээ тусгах ханхүү чинь чамруу айсуй
Сэргэлэн цовоо зангаар өдөр бүрийг угтаарай
Сэрүү татсан өвөл дуусаж хавар цаг айсуй
Сэмэрсэн сэтгэлийн чинь өлгийг солих нэгэн ирж явна

Зүрх сэтгэлийнхээ цонхыг нээж гэрэл гэгээ тусга
Зүйрлэшгүй сайхан ертөнц чамайг хүлээж байна
Зүгээр л мартаад орхи өнгөрсөнд болсон бүхнийг
Зөрөөд өнгөрсөн бүхнийг зөнд нь орхиод урагшаа тэмүүл

Ганцхан чамд л зориулж ахиад хэдэн мөр
Гараас чинь атгаад хорвоог туулах нэгэн ойрхон байгаа
Гандаж хатахгүй сарнайн дэлбээ чи учир
Ганц олдох залуу насандаа дэлбээлж яваарай бүсгүй минь...

2010 оны 10 дугаар сар 23 / NUMEM_E2n2E

Saturday, July 17, 2010

Хүнийх



Хүнийх

Насаараа чи надад үнэнч байж чадахгүйгээс хойш
Надад хайртай гэж нүд рүү минь хараад битгий хэлээрэй
Найдлага үлдээн сэтгэлд минь салхи битгий хургуулаарай
Нартад намайг ганцаардуулж жиндээн битгий хоцроогоорой

Хорвоог чи надтай туулахгүйгээс хойш
Хоосорсон сэтгэлийг хөглөж битгий орхиорой
Хөрсөн сэтгэлийн гүнд байх
Хөгзөрсөн зүрхийг битгий хөндөөрэй

Энэ л шөнө дэргэд минь байхдаа
Эргэж харалгүй энгэрт минь эрхлээрэй
Эхлэл төгсгөлгүй өдрүүд эхлэхэд
Эргэж харах эрхгүйгээр өөрийн амьдралдаа чи минь буцна

Маргааш би чамтай уулзахгүй гэж
Маргаангүй худал үгийг өөртөө битгий шивнээрэй
Магад чи намайг маргааш санан галзуурч
Мартаж чадахааргүй үдшийг дахиад бид үднэ.

Халуун гар дулаахан энгэрт минь эрхэлхээр
Харанхуй шөнөөр намайг зорин ирнэ
Харин би чамдаа үгүй гэж хэлж чадахгүй болохоор
Хүний хүүхэн чам руу тэмүүлэх сэтгэлээ хорихгүй ээ.

Уучлал гуйхгүй ээ өнгөрсөн, одоо, ирээдүйгээс
Уурлан бухимдахгүй ээ чи минь хүнийх гэдэгт
Ухаарч гэмшихгүй ээ чамайг тэврэн хэвтэхдээ
NUMEM_E2n2E / 2010.06 сард